top of page

Онцлох бизнес: УРГАНА брэнд

  • maralmaat6
  • Jun 27
  • 10 min read

Б.Чанцалдулам: Women Owned тохирлын тэмдэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхэд түлхэц үзүүлсэн

Та дотоодын бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа дээрх бичгийг анзаарсан уу?

“WOMEN OWNED” гэдэг нь эмэгтэй бизнес эрхлэгч энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн гэсэн шошго юм.

МҮХАҮТ Голомт банктай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэх, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилгоор энэ тохирлын тэмдгийг санаачилжээ.

Энэ шошгоор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, тэдэнд тулгардаг бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнес юм шүү гэдгийг олон нийтэд таниулах зорилготой.

Эмэгтэй бизнес эрхлэгчдэд энэ санаачилгаа танилцуулахад нийт 670 хүсэлт ирүүлжээ. Тэднээс шалгуур үзүүлэлтийг  хангасан бизнес эрхлэгч 50 эмэгтэй одоогоор энэхүү тэмдгийн хэрэглэгч болоод байна. Тэдний нэг нь Urgana брэндийг үүсгэн байгуулагч, “Ургана индастри” компанийн захирал Б.Чанцалдулам. Тус брэнд Women owned тэмдэгтийг бүтээгдэхүүн дээрээ байршуулж эхэлжээ.

Б.Чанцалдулам "Би 2013 оноос одоогийн ажлаа эхлүүлсэн юм. Манай аав “Оточ одь” эмнэлэгтээ хорт хавдрын хүнд шатандаа орсон, бараг эмчилгээгүй болсон, хими туяаны эмчилгээ хийлгэж, үс нь их унасан хүмүүсийг үздэг байв.         

Тэдгээр хүмүүст зориулан үс ургуулдаг мистийг анх хийж эхэлсэн. Хорт хавдартай хүмүүс хими, туяа эмчилгээ хийлгэхээр үс нь их унадаг. Харин үс нь ургахаар сэтгэл санаа нь ч өөдрөг болдог, өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Би эдгэж байна гэж боддог.

Удалгүй бид үс унах үзэгдэл ер нь их байгааг олж мэдээд үсний мистээ өөр хүмүүст ч худалдаж, бүтээгдэхүүнээ илүү ихээр үйлдвэрлэж эхэлсэн.           

Тухайн үед бид “Ургана”-г үүсгэн байгуулаагүй байв. “Одь тан” эмийн үйлдвэртээ үсний мистээ, 200 орчим төрлийн эм тан хийдэг байсан юм. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөв юм байна гээд “Ургана” брэндийг бүтээсэн.

Хорт хавдрын гурав, дөрөвдүгээр шатанд орсон хүнд эмчилгээ бараг байхгүй тул тэд уламжлалт анагаах ухааны эмч нарт ханддаг. Би нэг удаа аавдаа “Ийм хүнд хүмүүсийг та авахгүй байж болохгүй юм уу. Уламжлалтын бусад эмнэлгүүд авдаггүй шүү дээ” гэхэд аав их уурласан.

“Би тангараг өргөсөн эмч хү н, чи юу яриад байна. Ирсэн хүн бүрийг үзэх нь миний үүрэг. Хүнийг өвчин зовлонгоор нь ангилж болохгүй. Тодорхой үр дүнтэй байсан учраас л хүмүүс ирсээр байна. Чи ийм зүйл ярихын оронд яаж тэдэнд туслах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх эм хийх тухай бодох ёстой” гэсэн юм.  

ЭНЭ ТОХИРЛЫН ТЭМДГИЙГ АВСНААР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭД ДӨХӨМТЭЙ

-Та бүхэн нийт хэчнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ. Тэдгээрийн хэд дээр нь Women owned тохирлын тэмдгээ байршуулав?-Голомт банкны хөтөлбөрт хамрагдсанаас хойш бүтээгдэхүүндээ Women owned тохирлын тэмдгээ байршуулж эхэллээ. Цаашид бүгд дээр нь тавина. Надад энэ хөтөлбөр яагаад таалагдсан гэхээр монгол эмэгтэйчүүд банкнаас зээл авч, бизнес хийе гэхээр үл хөдлөх хөрөнгөгүй байдаг. Монголчууд охидоо их сургуульд сургадаг ч байр сууцаа голдуу хүүгийнхээ, нөхрийнхөө нэр дээр авдаг юм байна. Эмэгтэйчүүд барьцаа хөрөнгөгүй тул нөхрөөсөө зөвшөөрөл авах шаардлагатай.

Харин сүүлийн үед банк санхүүгийн байгууллагууд эмэгтэй бизнес эрхлэгчдийг их дэмжих боллоо. Зарим оронд эмэгтэй бизнес эрхлэгчийг бодлогоор дэмждэг. ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүд энэ тохирлын тэмдгийг авснаар бүтээгдэхүүнээ экспортлох, санхүүгийн эх үүсвэр татахад нь дөхөмтэй.

Би Америкт оюутан байхад тухайн орон нутгийнхаа ЖДҮ эрхлэгч бол Whole foods гэх мэт томоохон сүлжээ дэлгүүрт бүтээгдэхүүнээ байршуулах эрхтэй болдог. Энэ нь эргэлтийн хөрөнгө бий болгоход нь тухайн үйлдвэрлэгчид том дэмжлэг болдог. Манай улсад ч удахгүй ийм дэмжлэгүүд нэвтрэх байх.

-Women owned тохирлын тэмдгийг авахад хэцүү байсан уу. Тодорхой шалгуурууд хангадаг юм билээ.

-Аж ахуй нэгжийн 50 болон түүнээс дээш хувийн хувьцааг эмэгтэй хүн эзэмшдэг, компанийн удирдлага нь эмэгтэй байх, эсвэл ажилтнуудынх нь дийлэнх хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг гэх зэрэг ерөнхий шалгуур үзүүлэлтүүд байсан.

Бидэнд  эдгээрийг хангах нь хэцүү байгаагүй. Бид олон стандарт нэвтрүүлсэн, Европ, Хятад руу экспорт хийхээр хоёр жилийн турш баримт бүрдүүлсэн нь нөлөөлсөн.

Бид Монголд анх удаа, өндөр түвшний шал угаагч хийсэн. Одоогоор албан байгууллагууд манай бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй л байна. Эмнэлэг, цэцэрлэгийн шал хамгийн цэвэр байх ёстой ч ОМО, жавелин хольж, шалаа угаасаар байна. Гэтэл манайд ямар байна гэхээр туркууд өөрсдөө ч мэддэггүй, хэрэглэдэггүй шал угаагчийг нийтээрээ хэрэглэдэг. Бид бүтээгдэхүүнээ экспортлох гэхэд чийгшүүлдэг, үс ургуулдгаа заавал батал гэдэг. БНХАУ-ын лабораторид бид 100 мянган юань төлж, бараагаа шинжлүүлсэн. Бусад улсууд ийм өндөр шаардлагатай ч манайд босго байхгүй. Импортын барааны хяналт сул байгаа нь шударга бус өрсөлдөөн үүсгэсэн.

-Одоогоор 50 эмэгтэй бизнес эрхлэгч Women owned тохирлын тэмдгийг авчээ. Та бүхэн хамтарч, ямар нэг шинэ төсөл эхлүүлсэн үү?

-AiDent  гээд шүдний сойз үйлдвэрлэдэг компанитай бид хамтрал үүсгэсэн. Бид хэчнээн эко шүдний оо бүтээсэн ч хүмүүс шүдний зөв сойз сонгохгүй бол ямар ч үр дүнгүй. Бид удахгүй хамтарсан аян хэрэгжүүлж, шүд цооролтын эсрэг ажиллана. Бид хамтдаа 21 аймгаар явна. Шүд угаах тэмцээн зохион байгуулах юм.


ХҮЧТЭЙ, ХИМИЙН БОДИСООР БИШ, ЭМИЙН УРГАМЛААР ХАГИЙГ АРИЛГАЖ БОЛНО

-“Ургана” брэндийн гол онцлог нь дандаа эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү?

-Тийм. Уламжлалт анагаах ухаан талаас гурван хорыг арилгавал хорт хавдраас хамгаалж болно. Эдгээр нь хүний идэж ууж буй хоол буюу үл зохилдох хор. Амьсгалж буй агаар найрсан хор, хүмүүсийн шунал их болсноор мэдрэлийн гаралтай өвчний хор юм. Эдгээрийг арилгавал ганц Монголд ч биш, дэлхий даяар хорт хавдраас сэргийлж болно гэж үздэг.

Аяга таваг угаагч химийн бодис ихээр агуулдаг. Тэр нь аяган дээр үлдэж, улмаар бидний ходоод руу орж, ходоодны хорт хавдар үүсгэх хүчин зүйлсийн нэг байх боломжтой. Энэ төрлийн хорт хавдрын өвчлөл, нас баралт манай улсад ихсэж, бид дэлхийд хамгийн их өвчлөлтэй эхний улсуудын нэгт тооцогдож байна. Үүнтэй холбоотойгоор бид хужиртай аяга таваг угаагчийг анх санаачлан гаргаж үйлдвэрлэх болсон.

Бүтээгдэхүүнээ дагаад сав баглаагаа ч эко байлгахад анхаарахыг хичээж, нийт сав баглааны 95 хувийг сүрлээр хийсэн. Сүрлийг халуун усанд дэвтээгээд сав хийж болдог. Энэ сав маш хурдан, таван жилд задардаг тул байгальд ээлтэй. Харин хуванцар савнууд дор хаяж 400 жилийн дараа задарна.  Манай улс нийт хуванцар хог хаягдлынхаа 95 хувийг хаядаг, дахин боловсруулдаггүй. Ус, ундааны саваа л дахин боловсруулж байна. Иймд гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг байгальд ээлтэйгээр савлах нь их чухал. Манай уруул өнгөлөгч гэхэд 100 хувь цаасан савлагаатай.

Бид уламжлалт анагаах ухааны олон зуун жилийн түүхтэй, жор дамжлагатай ард түмэн. Археологийн судалгаагаар үүнтэй холбоотой олон тооны булш бунхан илрүүлсээр байдаг юм билээ. Сонирхолтой нь, тэдгээр эртний хүмүүсийн шүд бүтнээрээ шахуу байдаг юм байна. Дунд чөмөгний, нурууны яс нь хугарсан байдаг. Шүд нь бүтний дээр их том том хэмжээтэй. Энэ нь бид цагаан идээ их хэрэглэдэг байсантай холбоотой.

Хатуу ааруул идэхээр хүний шүлс их ялгарч, хүний шүдийг дотроос нь угаадаг. Мөн ааруулыг аарцаар хийдэг тул тэр чигтээ кальци. Зүгээр ч кальци биш, амьд кальци юм. Иймд монголчуудын шүдний бүтэц их сайн байжээ.

 

Бид шүдний оогоо аарцтай үйлдвэрлэсэн. Шүдний оонд өндөгний хальснаас гаргаж авсан ч юм уу кальци хийдэг. Харин бид аарцнаас буюу идэж болдог түүхий эдээс гарган авсан.

Манай улсад циолит гэж эрдэс их байдаг. Энэ нь сөрөг цэнэгтэй тул эерэг цэнэгтэй бүх хүнд металлууд болон хорыг тайлдаг. Шүдний оонд байхад их тохиромжтой түүхий эд. Циолит шороон ордоороо юм уу байгальд ил, давс хужир шиг байдаг. Манай гурав дахь шүдний оо ээзгийтэй. Ээзгийнд кайзен гээд уургийн хэмжээ их. Энэ нь шүдэн дээр био хамгаалалт буюу бүрхүүл үүсгэдэг. Энэ нь шүдийг цоорохоос хамгаална.

Монголд хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Бид уламжлалт хэрэглээгээ орчин үеийн технологитой хослуулах л шаардлагатай. Дэлхийн патентын санд бүртгүүлэх гээд явахад бидний бүтээгдэхүүнүүд их шинэлэг байна.

Одоо бид дөрөв дэх оогоо гаргахаар ажиллаж байна. Малын дунд чөмөгний ясыг бутлаад гурил шиг болгоно. Ясанд хамгийн их хэрэгтэй, глюкозамин хондроидс гээд эрдэс агуулсан оо хийнэ.

Хэт мэдрэг шүдтэй хүмүүст энэ оо эмчилгээний үр дүн үзүүлнэ. Шүд эрдэсгүй болж, харлаад унадаг даа. Тийм шүдэнд эрдэс өгөх юм. Гэхдээ хаягдлаар хийнэ. Ясны шөл хийдэг газруудаас бид ясыг нь аваад дахин ашиглана. Манай бүтээгдэхүүнүүд бүгд онцлогтой. Дандаа уламжлалт анагаах ухааны суурь онол дээр тулгуурласан.

Америк, Японд шампуньд салицилийн хүчил гэх мэт эм хийж, хагийн эсрэг шампунь гэж нэрлэдэг. Хаг нь үсний мөөгөнцөр юм. Бид хагийн эсрэг шампуньдаа арц, ганга хийсэн. Арц, ганга мөөгөнцрийн патеконыг устгадаг. Патекон гэдэг нь хамгийн бага хэсэг юм. Хүчтэй, химийн бодисоор биш, эмийн ургамлаар хагийг арилгаж болно.

Зарим хүн монгол шампунь үс хатууруулдаг гэдэг. Учир нь монголын шампуниуд силиконы агууламж багатай. Үсийг зөөлөн болгодог бодис бага агуулсан гэсэн үг юм. Алимыг хусахаар вакс гарч ирдэг дээ. Тэр нь алимыг муудахаас сэргийлсэн хамгаалалт юм, ямар нэг микроб алим руу орж чадахгүй болно. Яг үүн шиг, силиконтой шампуниар удаан угаавал үсний гадуур бүрхүүл үүсгэчихдэг. Үс зөөлрөөд сайхан ч удаан хугацаандаа үс амьсгалахгүй болно. Ингэснээр үс эрт бууралтана.

-Түүхий эдээ голдуу дотоодоос авдаг уу?-Тийм ээ. Түүхий эдийг идэвхтэй, идэвхгүй гэж хоёр ангилдаг. Идэвхт нэгдлүүд нь тухайн бүтээгдэхүүний хамгийн чухал орц юм. Бусад нь дэмжих үүрэгтэй түүхий эдүүд. Бид идэвхт түүхий эдээ дандаа Монголоос авдаг. Хужиртай аяга таваг угаагчийг Монголын өнцөг булаг бүрээс илгээсэн цайны хужраар хийдэг. Циолит, давирхайтай шүдний ооны давирхайг Завхан аймгийн ойн нөхөрлөлөөс авч байна.  Аарц ээзгийгээ саальчдын нөхөрлөлөөс авдаг.

Манай Монголчууд бүтээгдэхүүний сав баглаан дээрх мэдээллийг бүрэн уншдаггүй тул аль нь сайн мууг ялгаж салгахгүй байна. Бид уруул өнгөлөгчөө Монголд ургадаг, долоогоно жимсээр хийсэн. Энэ жимс хербсийн бактерийг үржүүлдэггүй буюу хомхой долоохгүй. Хомхой их аюултай, хүний мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Иймд таны уруул дээр хомхой долоосон бол та нярай хүүхэд үнсэж болохгүй. Хүүхдийн тархинд нөлөөлж, саажилттай болсон тохиолдлууд бий. Мөн долоогоно үрэвслийг зогсоодог. Бид энэ жимсийг анх удаа гоо сайхны бүтээгдэхүүнд ашигласан. Энэ бүх жор дамжлагууд уламжлалт анагаах ухаанд байсныг бид сэргээлээ.


ФТОР ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДГИЙГ ТОГТООСОН ТУЛ ООНД ФТОР ХИЙХЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ

-Тэгвэл иргэд бид худалдан авахдаа юуг анхаарах ёстой талаар зөвлөгөө өгөөч.

-Үнэрийг ярихгүй бол болохгүй. Томоохон дэлгүүрүүдийн угаалгын нунтгийн тасгаар явахад хурц үнэртэй. Тухайн тасгийн худалдагч нар нь зориуд тэр тасгаасаа хол очиж зогсдог. Эфирийн тос ууршаад алга болно. Синтетик үнэр ууршихгүй. Үнэр гоо сайхны бараанд ямар ч ач холбогдолгүй.Гэхдээ хүн үнэрийг нэг минутын дотор авдаг, эм ууснаас ч хурдан. Тос түрхлээ гэхэд тухайн тосны үнэр хүчилтөрөгчтэй хамт хүний хамраар орно. Малын уушги нүхтэй байдаг даа. Тэр нь хүчилтөрөгч нэвтрүүлэх зориулалттай. Хүнийх ч адилхан. Уушги, цусаар дамжсан үнэр арьсны өвчин, харшил үүсгэдэг.


 

Иймд химийн үнэртэн битгий хэрэглээрэй. Бид хамгийн дээд зэргийн амин тосыг ашигладаг манай бүтээгдэхүүнийг идсэн ч ямар ч нөлөөгүй.

Манай улс шүд цоорох өвчнөөр дэлхийд тэргүүлдэг. Саяхан хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахад таван хүүхэд тутмын нэг нь шүд цооролттой байжээ. Энэ бол халдварт өвчин. Яг л хеликобактери шиг. Хүчиллэг орчинд шүд цоордог. Хүний бие уснаас бүрдсэн тул бид хүчил, шүлтийн тухай зайлшгүй ярихгүй бол болохгүй. Хүчиллэг орчныг шүлтлэг болгох л арга бий. Жамц давс шүлтлэг орчин бий болгодог. Жамц давс кали, натри агуулдаг.

Ханиад томуу ихтэй өнөө үед бид гэртээ очингуутаа жамц давстай уусмалаар хоолойгоо зайлбал хоолой нь өвдөхгүй. Би хүүхдээ цэцэрлэгээс ирэнгүүт нь хамар хоолойг нь жамц давстай уусмалаар зайлуулдаг. Ингэснээр бактери үржих орчныг үүсгэлгүй, халдвар авахгүй байх сайн талтай. Халдвар авсан ч гүйлсэн булчирхайгаар дотогш дамжин орохоос нь сэргийлж чадна.

Мөн фтор ходоодны хорт хавдар үүсгэдгийг тогтоосон тул оонд фтор хийхээс татгалзаж эхэллээ. Хүмүүс өглөө өлөн байхдаа шүдээ угаадаг тул оо шүлстэй хамт ходоод руу орж, өвчлүүлдэг нь батлагдсан. Фтортой, кальцитай оог ээлжлэн хэрэглээрэй. Иргэд нэг оогоо л байнга хэрэглэсээр байна.

АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн судалгаагаар оонд их хэмжээний гаа хийдэг нь унтаа тархийг хүчээр сэрээж байна гэжээ. Байнга ингэж сэрснээр хүний боргоцой булчирхай гэмтдэг. Иймд хөгшрөхөөр альцхаймер тусаж байна гэжээ.  

Гаа оонд ямар ч ач холбогдолгүй. Гааны сэнгэнэсэн үнэрээр шүдээ угаасан мэдрэмж төрүүлэх зорилготой. Америкчууд өөрсдөө гаатай оог хамгийн их хэрэглэдэг. Мөн энэ улсад альцхаймэр хамгийн их бүртгэгдсэн. Энэ судалгааны үр дүнд ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний орцыг өөрчилж байна.

Тус улсын Food and Drug Administration байгууллага үйлдвэрлэгчдэд хатуу хяналт тавьдаг, өндөр стандарт тогтоодог. Жишээ нь бензилконхлоридийг өмнө нь нэг хувиар хийхийг зөвшөөрдөг байсан бол одоо дээд тал нь 0.13 хувийг хүлцэх хэмжээ гэнэ. Бодлогоор жил бүр бууруулдаг.

Манайд мэргэжлийн хяналтын байгууллага байв. Одоо ямар ч хяналтгүй боллоо. Захуудад 1000 төгрөгийн уруул өнгөлөгч, макс худалддаг. Хугацаа нь дууссан барааг үйлдвэрлэгчид шошгыг засаад л нааш нь явуулчихдаг.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би уг нь олон улсын харилцааны мэргэжилтэй. АНУ-ын Синсинэтийн их сургуулийн косметикийн технологичийн ангийг 2014 онд төгссөн. Одоо магистрт цахимаар сурч байна.       

Манай аав сүүлийн 30 жил “Монголын 1000 маарамбын намтар” номыг бүтээхээр ажиллаж байна. Тэдний түүх, барьдаг байсан жорыг цуглуулж байгаа юм. Энэ нь арав дахь үе буюу бидэнд өвлөгдөж ирсэн. Ес дэх үе нь манай аав, найм дахь үе нь аавын багш, Одь гэж маарамба. Энэ хүн Монголын хамгийн сүүлийн том маарамба.

Манай аав анх маарамба байгаагүй. 1983 онд толгой дээрээ штанг алдаж унагаад нойргүй болчихсон. Польш гэх мэт тухайн үеийн социалист орнуудаар явж, эмчилгээ хийлгэсэн ч үр дүнд хүрээгүй. Одь багштай 1986 онд уулзаж, 600 км зам туулж очоод нойргүй болсноо хэлэхэд судсыг нь бариад гурван л эм өгчээ. “Би их холоос таныг зорьж ирлээ, та надад сарын эм өгөөч” гэж гуйхад нь “Миний гурван тун чамайг эдгээхгүй бол би эм барихаа больё” гэсэн юм билээ.

 

Аав гэртээ ирээд хоёр эмээ уугаад л нам унтсан гэсэн. Одь багшид их сүсэглэж, ажлаасаа гарч, Одь багшийн гэрийн хажууд гэрээ барьж, шавь нь болсон түүхтэй.

Багшийн дэргэд шавь сургалтаар сурсан. Дараа нь багшаасаа “Та надад ямар эм өгсөн бэ” гэхэд “Толгой чинь гэмтсэн тул хүмүүс чиний тархи доргисон гэж бодсон. Гэхдээ зүрх доргисон тул би зүрхийг тэнцвэржүүлэх эм өгсөн” гэжээ.

Уламжлалт анагаах ухаан наана харагдах шинж тэмдэгт биш, цаад суурь шалтгааныг эмчилдэг. Одь багш агуу хүн байсан. Би хүүхэд байхдаа манайхаар өвчтэй, зовлонтой хүн их ирэхээр ичдэг, төвөгшөөдөг байв. 

Нэг удаа манай ээжийн толгой их удаан өвдсөн. Үе үе халуурна. Одь багш манайд ирэлгүй удаж байгаад ирж, ээжийн судсыг дарж үзээд “Чи шүдээ авахуулаа юу?” гэж асуусан. Олон сарын өмнө шүдээ авахуулсан ч ёзоор нь үлдэж, идээлж үрэвсээд халууруулж байсан юм билээ.                

Одь багшийн эмээс 2-3 тун уугаад ёзоор нь эдгэрсэн буйлаа цоолоод гараад ирсэн. Хүний ясыг судсаар мэдэрсэн нь агуу. Тэгэхэд би багшид улам итгэсэн. Аавд эмийг нь нухаж, боож өгч тусалдаг, хамтдаа ургамал түүдэг болсон. Би ингэж уламжлалт анагаах ухаанд дур сонирхолтой болсон.


ПАРАБЕН ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУГАЦААГ УРТАСГАХ ЗОРИЛГОТОЙ Ч ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ НЬ БАТЛАГДСАН


-Зарим хүн хятад муу, солонгосын гоо сайхны бараа сайн гэдэг.-БНСУ үйлдвэрлэгчээ хамгаалсан бодлоготой бол АНУ, Европын холбоо хэрэглэгчээ илүү дээдэлдэг буюу хэрэглэгчид очих бараанд өндөр хяналт тавьдаг. БНСУ-ын гоо сайхны үйлдвэр 0.1 хувийн парабен хийсэн ч бүтээгдэхүүн дээрээ үүнийг дурдахгүй тул бид хийгээгүй юм байна гэж бодно. Харин АНУ, Европт бүх орцоо заавал шошгодоо бичих ёстой.        

Бид бүтээгдэхүүндээ 16 төрлийн орц ашиглавал тэр бүхнийг ил тод бичиж, хэрэглэгчид мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл манай улсад импортолж буй гоо сайхны, ахуйн эцсийн бараанд бактериологийн шинжилгээ хийгээд л импортолж байна. Бид БНХАУ, Европ руу бүтээгдэхүүнээ экспортлохын тулд бүх орцоо нэг бүрчлэн батлах үүрэгтэй. Харин манай улс гаднын үйлдвэрлэгчдэд ийм шаардлага тавьдаггүй.

Мөн манайд хорьсон химийн бодис байхгүй. Манай улсад меркури буюу мөнгөн устай, маш өндөр фосфаттай угаалгын нунтаг худалдаж байна. Фосфат чийгийн улаан хорхойн үржлийг зогсоодог. АНУ, Европт фосфаттай угаалгын нунтгийг хориглосон. Оронд нь эко гээд энзим ашиглаж байна. АНУ-д фосфатын хэмжээг, бензил конин клорид гээд ариутгагч бодисыг жил бүр бууруулдаг. Ер нь буух эзэнтэй, буцах хаягтай газраас гоо сайхны, ахуйн хэрэглээний бараагаа авах нь зөв.   

     

-Парабен гэж юу вэ?

-Гоо сайхны бүтээгдэхүүний хугацааг уртасгах зорилгоор хийдэг ч хөхний хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан. Дэлхийд зургаан төрлийн парабен бий. Гурав нь хориотой, гурвыг нь зөвшөөрсөн. Профил, метил, этил парабенийг зөвшөөрсөн. Манай дотоодын үйлдвэрлэгчид ч парабен ашигладаг.

-Уншигчдад маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Та бүхний үйлдвэрлэл улам өргөжин, монголчуудыг эко бүтээгдэхүүнээр хангаж, зөв, эрүүл хэрэглээний соёлд сургаж байгаарай.

Эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, хүнс, үйлчилгээний салбарт олноороо бизнес эрхэлж, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг. Үүнийг Б.Чанцалдулам захирлын ярианаас харж болно.

“Бурамхан” чихрийн үйлдвэр, “Мовьёос”  өглөөний хоол болон “Ноён кашмер”, “Orchids”эх хүүхдийн хувцас үйлдвэрлэл, “Тугалчин хүү” гэх мэт олон хамт олон WOMEN OWNED тохирлын тэмдгийг бүтээгдэхүүн дээрээ хэдийн байршуулсан. Удахгүй Голомт банкнаас дараагийн эмэгтэй бизнес эрхлэгчдийг энэ хөтөлбөрт хамруулахаар бэлтгэн ажиллаж байна. Тэгэхээр цаашид илүү олон төрлийн барааны шошго дээрээс дээрх тэмдгийг харах нь ээ.   

Comentários


bottom of page